Холбоо барих

  7011-6969, 9595-6969
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, Их тойруу - 27, Rich Зочид буудлын 2-р давхар

Навчис цэцэгс газраас өндийж, байгаль дэлхий өнгөө сэргээх хаврын өдрүүдэд аялсан аяллын тэмдэглэл

     XXI дүгээр зуун гарч дэлхийн улс орнууд глобальчилагдахын хэрээр ард иргэд нь гадаад ертөнцөд чөлөөтэй зорчин аялах боломж нээлттэй болсон. Ингэснээр хүмүүс бид байгаль эх дэлхийтэйгээ улам их ойртон танилцахын зэрэгцээ улс хоорондын соёлын солилцоог түргэсгэх болжээ.

“...Навчис цэцэг газраас өндийж, байгаль дэлхий өнгөө сэргээх хаврын өдрүүд үргэлжилсээр. Үүнтэй давхцан миний дотор урьд өмнө нь очиж үзээгүй сонин содон газруудаар аялаж зугаалах энгүүн хүсэл тэмүүлэлээр дүүрэн байлаа. Юуны түрүүнд энэ хүслийг маань гүйцэлдүүлж өгсөн “Тэнгэр тревел”-ийн хамт олонд дахин баярласан талархсанаа илэрхийлэх нь зүйн хэрэг.

     Ингээд миний бие та бүхэнд өнө эртний аугаа их өв соёл, түүхийн өлгий нутаг, дэлхийн хамгийн хүчирхэг гүрний нэг болох Хятад улсад 10 хоногийн  хугацаанд зорчсон аяны богцоо задалъя.

    2015 оны 5 дугаар сарын 8-ны орой нийт 29 аялагч, 1 хөтчийн хамт аяллын баг бүрдүүлж “Мэлмий гийж Манзушир бурханы авшиг хүртэх” аялалдаа олон улсын төмөр замын галт тэргээр аян замдаа гарлаа. Уралдааны сүүлийн өдрүүдэд сандарч, догдолж байсан маань энэ өдөр урьдийн л адил үргэлжилсээр... Хятад хэмээх аугаа их гүрний түүхт дурсгалын газрууд, үнэт үзмэрүүд, тухайн улс орны уламжлалт ёс заншил, өв соёлыг гайхан биширч, энэ бүгдийг нүдээр үзэж, бие болоод сэтгэлээр таашаан мэдэрсэн нь миний хувьд туйлын аз завшаантай байсныг юуны өмнө энд цохон тэмдэглэе.

    Миний амьдралын дахин нэг шинэ хуудсыг нээж, хэзээ ч мартагдахааргүй дурсамж болгон тодхон үлдэх энэ аяллыг дотроо төсөөлөн догдолсоор шөнө ч унтах завдалгүй Эрээн хотод ирлээ. Сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжиж буй дэлхийн худалдааны чөлөөт бүс болох энэхүү хот нь хоёр орныг холбох гүүр болсоор өдийг хүрчээ. Үнэхээр л зам дагаж хөгжил ирнэ гэдэг нь харагдаж байлаа. Аяллын багийнхан маань өглөө эртлэн босч Бээжин хотын зүг аяллаа эхлүүлсэн юм.

700 гаруй км үргэлжлэх хурдны замаар байгалийн бэрхшээлийг үл ажиран давхисаар алдарт Жанчхүүгийн даваагаар давж Бээжин хотод сая орж ирлээ. Зам дагуу харагдах олон гүвээ, даваа, өндөр уулыг нүхлэн гаргасан тунелүүд, тариалангийн талбайд ажиллах ажилчид, бүтээн байгуулсан ногоон байгууламж зэргээс энэ улсын ард түмэн хичнээн хөдөлмөрч болохыг харж болно.

Аяллын явцад хөтөч Л.Өлзийжаргал эгч маань бидэнд Хятад орны түүх, соёл иргэншилийн талаар ухуулан таниулж, сүүлийн үеийн шинэ содон зүйлсийн талаар  амтархан яриа өрнүүлж байсан нь улам сонирхол төрүүлж байсан. Мөн бидний дуртай дууг маань хүртэл эвлэгхэн гэгч нь дуулаад шаггүй дуучин гэдгээ харуулаад амжсан шүү...

Үнэхээр биднийг замд уйдаах завгүй аялуулсан. Миний хувьд аяллын хөтөч гэх ажил ямар их мэргэжлийн ур чадвар шаардсан хариуцлага өндөртэй болохыг хөтчөөсөө харж, ойлгож, битүүхэндээ биширч явснаа нуух юун.

Бээжин хотод хийх бидний аялал “Түмэн газрын цагаан хэрэм”-ээс эхэлсэн юм. Тухайн цаг үед бороо орж, өндөрлөг уулсын толгодоор хөх манан татаж байсан нь энэхүү гайхамшигт бүтээн байгууллалтыг улам бүр үзэсгэлэнтэй, хөх тэнгэрт хүржигнэх хүчит луу лугаа адил харагдуулж байсан юм. Уг гайхамшигт бүтээлийг гадны жуулчдаас гадна, өөрийн орны ард иргэд нь олноор байнга ирж таалан соёрхдог нь үнэхээр гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн. Дараа нь Бээжин хотын 2 дугаар тойрогт байрлах амралтын буудалдаа ирж амарсан юм. Хэдийгээр энэ аяллын маань дөнгөж эхлэл бас аян замдаа бага зэрэг алжаассан ч дараа дараачийн маршрутад тусгагдсан аяллууд, шинэ содон сонирхолтой зүйлс намайг хүлээж байгаа гэж бодохоор нойр хүрэлгүй шөнийг гэгэлзэн өнгөрүүлсэн...

   Маргааш нь Бээжингийн амьтны хүрээлэнгээр аяллаа. Газар газраас ирсэн зэрлэг ан амьтдыг өөр, өөрсдийнх амьдрах орчин онцлогт нь тохируулж нутагшуулсан байсан бөгөөд имж, цоохор ирвэс, тахь, үнэг, чоно, тэмээн хяруул, баавгай, арслан, бар, сармагчин гээд л урьд өмнө нь үзэж хараагүй амьтдыг дэргэдээс нь харж, хамт зургаа татуулах íü үнэхээр давтагдашгүй өвөрмөц мэдрэмжийг төрүүлж байсан. Мөн Хятад улсын эв найрамдалын бэлэг тэмдэг болсон “Панда” буюу хулсны баавгай үнэхээр өхөөрдөм хөөрхөн амьтан юм байна лээ. Энэ мэт зарим амьтад манай аялагчдын анхаарлыг ихэд татсан юм.

    Үүнээс гадна баавгай, чоно, сармагчин зэрэг амьтдын зургийг авахад тэд үзүүлбэр үзүүлж, бид бүгдийг õºã溺æ алмайруулж байсан. Мөн амьтны хүрээлэнгийн гаднах талбай, цэцэрлэгжилт, тохижилт үйлчилгээний талаар энд дурдахгүй өнгөрч болохгүй байх. Хятад хүмүүс мод, цэцгийг тарихдаа өөрийн үр хүүхэд мэт хайрлаж, тордон ургуулдаг нь надад маш сайхан санагдсан. 


   Амьтны хүрээлэнгээр аялсаны дараа дэлхийн хамгийн ухаантай амьтан болох “Делфин”, мөн  далайн хав зэргийн тоглолтыг гайхан биширч үзсэн. Үнэхээр өхөөрдөм байсан.

 Маргааш нь бид “Дэлхийн паркаар” зугаалсан.

Энэхүү газраас дэлхийн бүх гайхамшигт бүтээн байгуулалт, аугаа барилга, түүхт дурсгалын газруудын жижигрүүлсэн хувилбаруудыг нэг дороос үзэх алтан боломж олдоно.

Түүнчлэн тэнд хуурай газрын хамгийн том амьтан болох зааны тоглолтыг үзэж, түүний хүчирхэг урт хошуун дээр сууж зургаа авахуулсан нь дахин давтагдашгүй алтан мөч байлаа.

Хамгийн сонирхолтой нь заан 22 сар хүртэл хээлээ тээж нэг л тугал гаргадаг бөгөөд Хятадын хөдөө нутагт зааныг гэрийн тэжээвэр амьтан болгон гаршуулж, үр хүүхдээ хүртэл харуулдаг гэдгийг сонсоод үнэхээр гайхаж билээ.

Бидний аялал үргэлжилсээр Бээжин хотын төв хэсэгт байрлах “Тянь Ань Мин” талбайд ирж, дурсгалын зургаа татууллаа. Энэ талбайг бид “Тянь Ань Мин” бослого гарч байсан гэдгээр нь сайн мэднэ.

Дараа нь бид Байрун худалдааны төв болон “Хонконг” /silk street/ захаар зочилж өөрийн хүссэн бараагаа үнэ хаялцуулан худалдаж авсан. Энэ захын нэг онцлог нь ямарч өндөр үнэтэй барааг өөрийн хүссэн үнийн саналаа хэлж, ярьж тохиролцож наймаалцдагт оршино. Аялагчид маань бүгд л сонирхсон зүйлсээ худалдан авч харагдсан.

Бээжин хотод ирсэн хүн бүхний сонирхолыг татах бас нэгэн гайхамшигт бүтээл байгуулалт бол яах аргагүй зуны XXIX дүгээр олимпийн наадмыг зохион байгуулсан “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэн, мөн “Усан шоо” хэмээх усан спортын цогцолбор юм. Хятад улс нь 2008 оны зуны олимпийн үйл ажиллагаанд зориулж, Бээжин хотдоо олон сайхан барилга байгууламж, зам харгуйг бүтээн байгуулж ашиглалтанд оруулсан нь өдгөө хотын хүрээлэн орчны өнгө үзэмж хийгээд хөгжил цэцэглэлтэнд ихээхэн хувь нэмэр болсон. Олимпийн хэрэгцээнд барьж байгуулсан цогцолборуудыг Олимпийн наадам дууссаны дараа ч цаашид үргэлжлүүлэн ашиглах асуудалд Хятадын засгийн газар маш их анхаарч байгаа нь бидэнд харагдсан.

Бид аялах хугацаандаа өглөө эртлэн босч аяллаа эхлүүлж байсан нь их үр дүнтэй байсны гадна яг хөтөлбөртөө тусгагдсаны дагуу аялах боломж бүрдсэн. Өөрөөр хэлбэл цаг ашиглалт сайн байсан гэхүү дээ. Ингээд бид аялалынхаа нэг хэсэг болох үзвэр үйлчилгээнийхээ хөтөлбөрийг дуусгаад мөргөлийн аялалаа эхлүүлэхээр Утай-руу хөдөллөө.

Утай нь Бээжин хотоос 350 км-ийн цаана орших Буддын шашины 4 том Манзушираар хүрээлэгдсэн, шашин мөргөлийн томоохон газрын нэг бөгөөд энд бид 2 хоног мөргөл үйлдэж буян хураах юм. Энд мөн шашины худалдаа наймаанаас эхлүүлээд  сонирхол татах зүйл олон бий. Эхний өдөр бид 1080 шаттай “Хар лавайт” хэмээх оргилд гарсан. Тэнд гарахын тулд дүүжин тэргээр эсвэл шатаар гарах гэсэн 2 сонголттой. Миний хувьд залуу хүн учраас шатаар гарах сонголтыг хийсэн. Эгц огцом өндөр шатаар дээшээ авирах нь байнгын суугаа ажил эрхэлдэг надад амаргүй даваа байлаа. Гэхдээ эцэст нь би гарч чадсан. Бахархах сэтгэгдэл төрсөн шүү...

Дараагийн өдөр миний азтан болох үүд хаалгыг нээж өгсөн асуултын маань хариу 1680 шаттай “Дарь Эхийн агуй”-д орохын тулд өглөө үүр цайхын алдад очиж удаан гэгч нь дарааллаж зогссон. Хүмүүс эхийн умайд орж чадалгүй буцах тохиолдол байдаг гэдгийг сонсоод манай аялагчид зориуд эртлэн босч үүрээр зорьж очсон нь тэр билээ. Энэ оргил “Хар лавайт” оргилыг бодвол шат нь налуу учраас алхаж гарахад бэрхшээл бага. Мэдээж ахмад настай, даралт ихтэй хүмүүс такси эсвэл мориор гарч болно. Бидний очсон тэр “Дарь Эхийн” агуйн ламын хэлснээр “өнөөдөр мөргөлчид багатай 700-800 хүн цугларсан байна” гэхийг сонссон.

Ингээд бодоход энэ газар аялал жуулчлалын идэвхитэй саруудад хүмүүс хэдэн мянгаараа ирж мөргөл үйлддэг болох нь тодорхой. Энэ өдрийн 2 дахь мөргөл үйлдэх газар бол шарын шашины тэргүүн сүм болох 108 шаттай “Бодьсадвагийн орон” байлаа. Хүн энэ насандаа 108 зовлонтой учирдаг ба тэрхүү зовлонг уг 108 шатыг давж гарснаар гэтэлдэг гэж үздэг.

108 шатаар гарахдаа эргэж хардаггүй бөгөөд эргэж харах тохиолдолд хаясан зовлонгоо буцааж авахтай адил гэдгийг сонсоод дээшээ гарахад тааралдсан бүхий л шатаар эргэж харалгүй гарч билээ. Ийм сайхан энергитэй бурхан шашины сүм хийдэд морилж Их болсон зургаан зүйл Хамаг амьтдыг” даатган залбираад, буян хураагаад ирсэн нь маш том аз завшаан юм шүү. Утайд бурхан шашины эд зүйлс худалдаалдаг дэлгүүр, худалдааны төвүүд элбэг.

Бид Төвдийн бурхан шашины худалдааны төвөөр орон худалдаа наймаа хийж арц утлага, эрхи, бурхан сархиус зэргийг гэр бүлийнхэндээ зориулж худалдан авсан.

Мөргөлийн аялал маань дуусч ӨМӨЗО-ны төв болох Хөх хот руу хөдөлсөн юм.

Утайгаас гарахад 2 том давааг давснаар хурдны замдаа ордог бөгөөд өндөр уулсын оройгоор ороож зам тавьсан нь үнэхээр биширмээр санагдсан. Хөх хотод ирээд хотын төв талбай болох “Шинхуа” талбайгаар зочилж дурсгалын зургаа татуулсан.

Бас аялалын хөтөлбөрт тусгагдсаны дагуу shopping-оо хийгээд амжсан шүү.

Ингээд бидний урт удаан аялал маань амжилттай болж нутгийн зүг хүлгийн жолоогоо залах цаг болжээ. Хэдийгээр 10 хоног уйдах завгүй аяласан ч эх орон, хайртай хүмүүсээ санасан гэж жигтэйхэн. Бүгд л гэртээ түргэн хариад аялалын туршид үзэж харсан, мэдэрсэн бүхнээ гэр бүлийнхэндээ ярьж хуваалцахаар яаран догдолж байлаа.

Ийнхүү Хятад улсад аяласан 10 хоног маань адал явдал, дурсамжаар дүүрэн өнгөрч, бид сэтгэл хангалуунаар эх орон, элэг нэгт ах дүүсээ магтан дуулсаар аян замыг өртөөлж эх нутагтаа ирсэн юм.

Эцэст нь та бүхэнд хэлэхэд боломж хүн бүхний гарт байдаг. Бид өмнөө тавьсан зорилгоороо урагшлах замаа гэрэлтүүлж, хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн тэрхүү замаар тууштай явбал амжилтанд хүрэх нь гарцаагүй...”


“Та үнэгүй аялмаар байна уу?” уралдааны 5 дугаар үеийн ялагч М.Отгонцэцэг

 


Бусад мэдээ