Холбоо барих

  7011-6969, 9595-6969
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, Их тойруу - 27, Rich Зочид буудлын 2-р давхар

Тайлагдашгүй Тайландын түм буман сониноос...

Тэмдэглэлийг маань уншигч хэн бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Юуны өмнө аян замын тэмдэглэл бичих завшаан олгосон “Тэнгэр трэвел”-ийн баг хамт олон болж нэг тогоонд ажил амьдралаа холбосон Жандагууд /Өглөгийн эзэд/-д туйлаас их баярлаж байгаагаа илэрхийлье. Өглөгийн эзэн гэж нэрлэсний учир тэдний 10 жилийн хугацаанд 120 хүнийг үнэ төлбөргүйгээр аялуулах ийм сайхан хөтөлбөр хэрэгжүүлж зүрх бүхнийг дулаан мэдрэмж, халуун хайраар цохилуулах, хүн хүнээ хайрлах сэтгэл, сайхан амьдрах урам өгч байгаад нь талархсандаа өөрийнхөө хувиас өгсөн нэр юм шүү. Ингээд тайлагдашгүй татах хүчний оргил Тайланд орноор аялсан өдрүүдийнхээ нэгээхэн хэсгийг та бүхэндээ толилуулъя.

Тайланд руу ниссэн өдрийн анхны сэтгэгдэл
2016 оны хоёрдугаар сарын 7-ны үүрээр “Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал”-аас шууд нислэгээр онгоц хөөрлөө. Яагаад ч юм тэнд сууж яваа зорчигчдоос өөрийгөө онцгой нэгэн гэж бодож билээ. / ккк/ Учир нь би чинь азтан шүү гэж бодох төдийд л омогшоод огшоод байлаа. Номин хөх тэнгэрт үүлсийн дундуур, гүн цэнхэр далай дээгүүр нисэх нэг тийм үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан байсныг нуух юун. Анх удаа онгоцонд сууж байгаам шиг догдлол зүрхэнд минь одоо ч хадгалагдсаар байна. Энэ үед олон бодол, эргэцүүлэл толгойд эргэлдсээр байлаа. Тэсгэм хүйтнийг алгасаж навч цэцэг, ургамлаараа гангарах халуун дулаан чийглэг оронд буухад бас нэгэн гайхалтай мэдрэмж төрдөг л юм байна.

 Олны хөлд дарагдсан жижгэвтэр онгоцны буудал хэдий ч тэнд ажиллаж байгаа хүмүүс огтхон ч түүртсэн шинжгүй, харин ч хүмүүсийг найрсагаар инээмсэглэн угтаж үйлчилж байгаа нь яалтачгүй “Инээмсэглэл”-ийн орон гэж нэрийдсэн нь учиртай юм байна гэсэн сэтгэгдэл төрж билээ. Монголчууд бид өөдлөх айлын өнгө үүднээсээ гэдэг дээ. Нисэх буудал орчимд ногоон байгууламжийг хангалттай цогцлоож өгсөн нь ногоон хот гэдгийг нь илтгэх шиг. Айхтар халуун байгаа даа гэж бодож байсан ч говьд төрж өссөн миний хувьд сэрүүхэн өдөр очсон юм шиг санагдахаар салхитай байлаа. Тайланд улс жилийн гурван улиралтай бөгөөд бидний очсон сар өвлийн улирал дуусах цаг үе байлаа. Яг энэ үед жуулчид Тайланд руу хошуурч Бангкок болон Патаяа хот олны хөлд нилээн дарагддаг үе юм байна. Энэ нь тус улс сүүлийн 20 орчим жилд аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж чадсантай холбоотой байх. Тайланд орон замын хөдөлгөөний зүүн гарын дүрэмтэй болохоор үүнийг мэдээгүй байсан надад автобус маань урсгал сөрж яваад байгаам шиг санагдаж байсан шүү. / хэ хэ /

Франц цэцэрлэгт хүрээлэн
Бидний аяллын хамгийн түрүүнд очих газар маань Nong Nooch цэцэрлэгт хүрээлэн байлаа. Хүрээлэнгийн хамгийн гайхалтай бас үзэсгэлэнтэй сор болсон Франц цэцэрлэгээр өнгө алаглах тод цэцэгсийн дундуур алхахад тус улсын ард түмэн хичнээн бүтээлч бас хөдөлмөрч гэдгийг хийж бүтээсэн зүйл нь хэлүүлэлтгүй илтгэнэ. Халуун орон болоод ч тэрүү мод цэцэгсийг хүссэн хэлбэр хэмжээгээрээ өнгө алаглуулан тарьсан байх нь сэтгэлд үнэхээр тааламжтай. Мөн зөвхөн цэцэг навчсаар зогсохгүй дэлхийн өнцөг булан бүрийн амьтдын хөшөөг төрөл бүрээр амьд юм шиг андуурмаар хийж бүтээсэн байх юм.

Тайландуудын үндэсний ардын урлаг болон зааны өхөөрдөм төрх, элдэвтэй үзүүлбэр

 Аяллыг тухайн үндэсний дуу хөгжим, бүжиггүйгээр төсөөлөхийн аргагүй шүү дээ. Цэцэрлэгт хүрээлэнгээ үзэж сонирхоод дараагаар нь Nong Nooch театрт үндэсний ардын урлагын тоглолтыг үзэж сонирхлоо. Тус театр олон жуулчдад нэгэн зэрэг тоглолт үзүүлэхэд тохиромжтойгоос гадна маш тав тухтай юм билээ. Тайландын үүх түүхийг харуулсан жүжигчилсэн тоглолт өргөн цар хүрээг хамарсан нь оролцож буй хүмүүсийн тоо, хувцас хунар, үзүүлбэр хооронд солигдож буй арын фон тайзны засалт, дуу авиа, гэрэл чимэглэл зэргээс тодхон харагдана.

Жуулчдын сонирхлыг татдаг бас нэгэн үзүүлбэрийн нэг зааны өхөөрдөм хөөрхөн тоглолтыг үзэх байлаа. Жуулчид сандал дээрээ суумагц хөгжим дуугарч талбайд 10-аад заан бие биенийхээ сүүлийг хөтлөлцөн гарч ирээд эвлэгхэн аргагүй бүжиглэж, хошуугаараа сагс, хөл бөмбөг , дартс тоглож тэр ч бүү хэл хэвтэж байгаа хүнд хөлөөрөө хээв нэг иллэг хийж байх юм. Тэдний гайхамшигт тоглолтыг нь үзэгчид мялааж гадил жимс харамгүй өгч, зургаа авахуулцгаана. Тайчууд аянчин гийчдийн анхаарлыг татах арга олохдоо гаргууд ард түмэн юм билээ.

Өрнө дорнын уран барилгын цогц шийдэлтэй хааны ордонТайчуудын түүх соёлын их өв алтлаг орой нь наранд гялбасан өвөрмөц хэв загварын барилгуудтай Гранд палас буюу Их ордонд ирлээ. Хүний шавхагдашгүй ур ухаан, гараар сийлж урласан зүйл ордонд нилээдгүй байсан. Энд эзэн хааны ордны дэг жаягт эрэгтэй хүн богино өмд, майк, харин эмэгтэйчүүд богино юбка, цээж, мөрөө ил гарсан хувцас өмсөж орохыг хориглодог юм билээ. Одоо их ордонд эзэн хааны гэр бүлийн товчоо, хааны нарийн бичгийн алба зэрэг байгууллагууд байдаг. Их ордны хашаанд усан оргилуур оргилж, зүйл зүйлийн модод ногоорон, өнгө өнгийн цэцэгс алаглаж харагдах нь жинхэнэ гайхамшгийг энд цогцлоосон гэлтэй.

Тайчууд их шүтлэгтэй ард түмэн

Тайландын хамгийн ариун буддын сүм бол Хаш чулуун Будда бурханы сүм юм. Миний хувьд багагүй шүтлэгтэй тул ёсыг дагаж бурханд сүслэн мөргөв. Тайландын сүм хийдийн гадна дотно орчин нь цэвэр цэмцгэр, хүмүүс нь найрсаг, амар тайван жинхэнэ ариун дагшин газар гэж хэлэхээс өөр аргагүй юм. Ард түмэн нь эзэн хаан, түүний хатан, гүнжээрээ бахархаж, шүтэн бишэрдэг гэдгийг гудамжаар алхах бүртээ мэдэрнэ. Учир нь айл бүр, албан байгууллага болгон үүдэндээ хаан хатныхаа зураг болон бурханаа дээдлэн залж идээ удаа өргөж залбирч байгаа харагдах юм. Би болон аялалын багийнхан минь үзэж сонирхууштай түүх соёлын гайхамшигт газруудаар аялсандаа үнэхээр сэтгэл хангалуун байлаа.
Чао мөрөн
Бид Чао Праяа мөрнөөр аялахдаа усан дээр амьдардаг хэсэг ард иргэдийн амьдрал, зан үйлийг ихэд сонирхонгоо улсын бас нэг ёслол болох Catfish загас хооллолоо.

Дэлгүүрээр явах ч үгүй ээ мөн сайхан шүү

Тайландууд үндэснийхээ үйлдвэрлэлийг хөгжүүлж чадсан улс юм. Өөрсдийн гараар янз бүрийн лаа, спа саван хийж мөн тарьж ургуулсан ногоон цай, жимс жимсгэнийг төрөл бүрээр хатааж савласан харагдана. Матар, могойн арьс, сувдан загасан эдлэлүүд чанар чансаагаа гайхуулдаг гэлтэй төрөл төрлөөрөө... Бас алт, мөнгө, сувд, үнэт эдлэлээрээ ч алдартай юм билээ.
Gems gallery үнэт эдлэлийн дэлгүүр нь эзэн хааны гэр бүлийн бизнес гэдгээрээ олонд танигджээ. Дэлгүүрүүдийн хаалгаар ормогц найрсаг хамт олон инээмсэглэн угтан авч нэг жуулчинд нэг худалдагч үйлчилж бүх зүйлийг эелдгээр уйгагүй тайлбарлах юм. Аль ч их дэлгүүрээр орсон хүлээлгийн танхим, зоогийн газар, валют арилжааны цэг, банк гээд л хүний хэрэгцээг бүрэн хангасан тав тухтай орчныг бүрдүүлж чадсан нь ихэд таалагдсан. Бас үйлчлүүлэгчдээ үнэгүй цай, кофе, ундаагаар дайлдаг дэлгүүр олон байлаа. Хамгийн гоё нь тохилог орчин, өргөн сонголт, найрсаг үйлчилгээ....
Бангкок хотыг 88 давхараас...
Тайландын хамгийн өндөр цамхагт гарч, оройн зоог барихаар 88 давхар зочид буудал болох Байёке скайд ирлээ. Бид буудлын 76 давхарт байрлах ресторанд нүд ирмэхийн зуурт л гарч ирэн олон үндэстний хоол зооглон 328 метрийн өндөр, эргэдэг цамхагаас Бангкок хотыг тольдон, гайхамшгийг бишрэв.

 Түг түг буюу гурван дугуйт

Бас нэгэн сонирхууштай зүйл бол яахын аргагүй тэдний үндэсний тээврийн хэрэгсэл гэж хэлж болохоор түг түг, мотоцикл, пекаб гэх мэт гурван төрлийн унаанд зайлшгүй сууж үзэх хэрэгтэйм байна лээ шүү. Энд айх аюул байхгүй тул эхний хэлсэн хоёр унаанд сууж шөнийн Тайланд орноор салхи татуулан давхих бас нэгэн торгон мэдрэмж байсан.
Safary world болон Marina park
Эх нутагт минь амар мэндээ мэдэх үндэсний баярын маань нэг Цагаан сар болж байгаа. Харин бид өглөө эртлэн босч өглөөний цайгаа уугаад амьтны хүрээлэнг зорив. Энэхүү амьтны хүрээлэн нь нийтдээ найман км орчим үргэлжлэдэг юм билээ. Хамгийн ихээр нүд баясгаж сэтгэлийг минь бадраасан үзүүлбэр Дельфиний шоу байлаа. Нэг командаар уснаас үсрэн гарч ирэх нь сэтгэл сэрд хийтэл догдлуулж билээ. Мөн хирс, арслан, тэмээн хяруул, баавгай, анааш, оорекс, сармагчин гээд маш олон амьтдыг нэг дор дэргэдээс нь харах дуу алдмаар гайхалтай байсан. Бас нэгэн сонирхолтой хэсэг бол хоёр давхарт байрлах саравчинд гарч анааш хооллох байлаа. Анаашны зүрхний хэмжээ нь 10 кг гэсэн. Тэр урт хүзүүгээр тархи руугаа цус шахахын тулд ийм том зүрхтэй байх нь аргагүй л байх л даа. Амьтны хүрээлэнг үзэж сонирхоод өдөр нь Хорт могой судлалын төвд очиж кобра могойн үзүүлбэрийг үзэв. Үзүүлбэр үзүүлэгчид тусгайлан бэлтгэсэн шилэн ханаар тусгаарласан талбайд хорт могойг амандаа хийх хүндхэн үзүүлбэрийг ч сурамгай харуулах юм.

Жуулчдыг соронзон мэт татах Патаяа хот
Патаяад очоод Тайланд улсын нэрийн хуудас болсон алдартай “Тифани” шоу тоглолтыг үзэхээр театрт ороход зохион байгуулагч нар инээмсэглэн угтаж үзэгчдийн тасалбараар суудлын дугаарлалтыг зааж өгөн суулгаж бүх зүйлийг дээд зэргээр сайн зохион байгуулах юм. Уг театрын хаана ч суусан тоглолтыг сэтгэл хангалуун үзэж чадахаар төгс шийдсэн нь олзуурхууштай. Хөшиг нээгдмэгц лэйди бой-уудын гоо сайхан бие бялдар, загварлаг, өнгөлөг хувцаслалт, тайзны шийдэл, гэрлийн гайхамшгийг бишрэн үзэгчид нэгэн зэрэг дуу алдана. Хатагтай хөвгүүдийн уянгалаг дуу, уян налархай хөдөлгөөн, бүжиглэлт нь үзэгчдийг үнэхээр байлдан дагуулж байлаа. Тэдэнтэй зургаа авахуулахад загвар өмсөгч, мисстэй хамт байгаа мэт сэтгэгдэл төрж байсан шүү.

 Цэлмэг хөх тэнгэр, гүн цэнхэр далай

Жуулчид наран шарлагын жинхэнэ сайхныг мэдэрч, далайн гайхамшигт аялал хийхээр Патаяаг зорин ирдэг нь далай болон тэндэхийн байгалийг харахад оршдог нь ойлгомжтой байлаа. Зах хязгааргүй далай, дал моддыг харж, дээд зэрэглэлийн торго шиг зөөлөн элсний ширхэгийг мэдрэн хэсэг алхав. Хүслээ биелүүлж номин ногоон өнгөтэй далай дээгүүр салхи татуулан гараа алдлан хашгирах, агаарт эрх чөлөөг мэдрэн шүхрээр нисэх үнэхээр кайфтай байсан. Доогуур шүлжилдэн давхих бананан завь, гүн цэнхэр далайн давалгааг харах бас нэгэн гайхамшиг байлаа...
Хэдийгээр би шивээс хийлгүүлж чадахгүй ч аз авчирдаг гэдгийг санаж энэ дэлхийг бүхэлд нь тэжээн тэтгэдэг нарны дүрсийг бэлгэдэн хинди зуруулсан маань энэ.
Алдарт Тай массаж
Гүн цэнхэр ус, зөөлөн цагаан элс, хурц наранд биеэ шарж, дараагаар нь бананан завиар 30 минут орчим далайгаар яваад Патаяад ирж алдарт Тай массажинд орж алжаалаа тайллаа. Орой нь 240 метр өндөр Pattaya park beach resort-д Патаяа хотыг алган дээрээ байгаам шиг харах боломжтой эргэдэг ресторанд оройн зоог барив. Захгүй их далайг ийм өндрөөс харах бас нэгэн тайвшрал байсан...
Патаяа хотын шөнийн гудамжаар / Walking Street /
Оройн зоогийн дараагаар Патаяа хотын Арбатын гудамж болох Алхдаг гудамж (Walking Street)-ээр зугаалж, шөнийн амьдралтай танилцав. Гудамжаар хар, шар, цагаан арьстнууд дүүрэн хөлхөлдөнө. Зарим газар поп хөгжим уянгалж, цаахан нь хард рок тоглож байх жишээтэй. Жуулчид хүйтэн шар айраг шимэнгээ охидын бүжгийн үзүүлбэрийг сонирхоно. Дэндүү задгай уур амьсгал ноёрхсон гудамжаар алхахад сонин содон зүйлтэй алхам тутамдаа таарч, нэг ч хором уйдахааргүй юм билээ. Нэг зүйлийг нэмж хэлэхэд хүмүүс хоорондоо тун эелдэг харьцаж, зүй бус бүдүүлэг зан авир гаргах нэг ч хүн ажиглагдаагүй. Би ч бас загасны үнсэлт хэмээх сонирхолтой хөлийн массаж хийлгээд амжсан. Өдөржин алхаад ядарсан бололтой давтагдашгүй нэгэн мэдрэмжийг мэдэрсээн...
Заан унасан нь
Хамгийн ихээр хүсэн хүлээж байсан мөч минь заан унах байлаа. Өхөөрдөм хөөрхөн төрхтэй, дөлгөөхөн, урт настай, сүрлэг энэ амьтан Тайландын үндэсний бахархал. Дэндүү ихээр хүсч хүлээж байсан болоод ч тэрүү үнэхээр гайхалтай сайхан байлаа.

 Гайхшруулж, эмзэглүүлж бас эргэлзүүлсэн цөөн хэдэн анзаарал

-Бангкок хотод л гэхэд 450 буддын сүм байдаг гэсэн. Эндээс ажиглахад тэд их бурханлиг хүмүүс нь мэдрэгдэж байгаа байх. Тайландын эр хүн болгон амьдралдаа 14 юмуу нэг сарын хугацаанд үс болон хөмсгөө хусуулж сүмдээ шавилан суудаг байна. Энэ нь шашиндаа үнэнч гэдгээ батлаж байгаагийн нэгэн баталгаа гэсэн.
-Бангкок хотын замын хөдөлгөөнд түгжрэл нээх их ажиглагдсангүй. Энэ нь давхар давхар зам, явган зорчигчдын нүхэн гарц, гүүр зэргийг хангалттай шийдэж чадсантай холбоотой. Мөн дуут дохиог гарцаагүй үед л ашигладаг нь үнэхээр их таалагдлаа.
- Жуулчдыг татдаг бас нэгэн зүйл нь Лэйди бое гэдэгтэй маргах хүн байхгүй боловуу. Нийгэмдээ чөлөөтэй ажиллаж хөдөлмөрлөх эрхээр хангагдсан хэдий ч хүний амьдралын жамаас өөрөөр амьдарч байгаа нь өрөвдөлтэй санагдсаныг нуух юу билээ. Патаяа хотод жаахан охид хөгшин европуудтай хөтлөлцөн алхах нь миний хувьд жаахан эмзэглэл төрүүлсэн гэж хэлж болно.
- Маш элэгсэг, энэрэнгүй, бурханлаг ард түмний өлгий нутаг гэдгээрээ Тайланд дэлхийд алдаршсаныг өөрийн биеэрээ мэдэрлээ. Үүний нэг жишээ гэвэл “Хатагтай хөвгүүд”-ийг хэзээ ч гадуурхдаггүй. Тэднийг зөвхөн шоу, зугаа цэнгэл хөөцөлддөг гэвэл өрөөсгөл ойлголт болох байх. Тэд нийгэмд чөлөөтэй ажиллаж, амьдрах эрхээр хангагдаж дэлгүүр, ресторанд ажиллаж байгаатай цөөнгүй тааралдсан. Тайланд нь хүний эрхийг дээд зэргээр дээдэлдэг улс болох нь эндээс харагдлаа.
Аялалаас төрсөн хамгийн мартагдашгүй сайхан дурсамж
- Далай дээгүүр шүхрээр нисэх гэдэг үнэн тасархай кайф байлаа. Мартахааргүй одоо ч нүдээ аньсан тэр догдлол нүдэнд минь илхэн бууж байна.
-Холын Америкаас эхлээд, хөгшин Европ, халуун цуст Латин америкчууд, Арабууд, Азиуд гээд л таван тивийн хүн бужигнасан газар гэхэд хэрүүл зодоон, хулгай зэлгий огт ажиглагдсангүй. Цагдаа нар ч харагдахгүй юм . Тайланд улс амар амгалан, ардчилсан чөлөөт нийгмийг цогцлоож чадсантай салшгүй холбоотой байх. Мөн Тайчуудын архи уудаггүй сайн чанар нөлөөлдөг биз. Ер нь Тайчууд хуулийг ягштал биелүүлдэг ард түмэн юм.
- Мөн амьтдыг сайн сургаж, тэдэнтэй ярилцдаг гэмээр л харилцах юм.
-Тайланд маягийн аялал жуулчлал их энгийн хэр нь сонирхолтой, жижиг сажиг гэлтгүй юмханаар юм хийсэн мэт санагдав. Тэд үнэхээр хөдөлмөрч ард түмэн юм.
За ингээд Тайланд орноор таван хоног ийнхүү аялахдаа ертөнцийн түм буман сонин хачны нэгээхэн хэсэгтэй танилцаж, үүх түүх, урлаг соёлын их өв, хөгжил дэвшлийн гайхамшгийг мэдэрч, аяны богц дүүрэн, сэтгэл хангалуун, шинэ хүсэл мөрөөдөл зорилго тээсээр сайхан эх нутагтаа ирлээ. Аяллын хөтөч Азжаргал эгч, Өлзийжаргал эгч нартаа туйлаас баярлаж байгаагаа үүгээр дамжуулъя. Амьдралын минь аз жаргалтай мөчүүдийн нэг хэлхээс нь энэ оронд мэдэрсэн догдлол бас дурсамж байлаа. Аз жаргалтай хором мөч бүрийг мэдрэх үедээ амьдрал утга учиртай байдгийг ойлгуулсан Тайланд оронд баярлалаа. Мөн хамт аялсан группийнхэндээ баярлалаа та нар минь бүгдээрээ энэ аяллын өөр өөр өнгө байсан шүү. Та нарын минь ажил үйлс өөдлөн дэвжиж, өегжин жаргахын ерөөлийг дэвшүүлье.

 

 

12 дахь удаагийн “Та үнэгүй аялмаар байна уу?” тэмцээний ялагч М.Мөнхсансарын Тайлагдашгүй Тайланд орноор хийсэн аяллын тэмдэглэл.


Бусад мэдээ