Холбоо барих

  7011-6969, 9595-6969
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, Их тойруу - 27, Rich Зочид буудлын 2-р давхар

Тайландад Бал сараараа...

 

Хамгийн түрүүнд бидний “Бал сар”-ын аяллын гайхалтай сайхан дурсамжийг бүтээж өгсөн “Тэнгэр Трэвел”-ийн хамт олондоо гэр бүлийнхээ зүгээс чин сэтгэлээсээ баярлаж талархсанаа илэрхийлье.
Хүний амьдралыг түүхийн нэгэн боть гэвэл түүний хамгийн сонирхолтой хуудас нь аялал байдаг. Мэдээж аялах дургүй хүн байхгүй гэдэгтэй уншигч та санал нийлэх байх. Ингээд бидний тодорхойлсноор Тайван амгалангийн орон-Тайландаар аялсан амьдралын нэгэн сонирхолтой хуудсыг хамтдаа сөхье.

 

Бидний хувьд урьд өмнө хамтдаа олон удаа аялж байсан ч энэ удаагийн аялал “Бал сарынх” гэдгээрээ маш онцгой байлаа. Аяллын хөтөлбөртэйгээ танилцан аялалд бэлтгэх зүйлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан. Бид Тайланд оронд очоод хамгийн их үзэхийг хүсч байгаа зүйлийнхээ талаар ярилцахад ханийн маань хамгийн үзэхийг хүсч байсан зүйл бол заан унах байлаа. Харин миний хувьд эмэгтэй хүн болоод ч тэрүү заан унах, шүхрээр нисэх, массаж хийлгэх, цэцгэн эрхи зүүж зургаа авхуулах гээд л маш олон зүйл байсан. Бид зөвлөгөөний дагуу аялалдаа бэлдэж явахад өвлийн улиралд зуны хувцас хайж явах нь хэцүү боловч сонирхолтой ажил байсан шүү. Анх Тайланд орны талаар төсөөлөл төдий байсан ч тэсгэм хүйтний эрч чангарсан өвөл цагаар халуун дулаан оронд зорчих нь үнэхээр сайхан санагдаж байлаа.

 

Тайланд орон төсөөлж байсанчлан халуун боловч чийглэг, үе үе салхи сэрүү татуулах нь бас ч амьсгаатай. Гэнэт дулаан оронд онгоцноос буунгуут камер маань ч хүртэл цанатчихсан шүү дээ.
Эхний өдрийн аяллаас эхлээд л Тайланд орон, ард түмэнд нь тайван амгалан гэсэн тодотгол өгчихлөө. Учир нь нэг л ер бусын тайван, стрессгүй, өөр өөрийн чадах зүйлийг хичээнгүйлэн хийх нь тааламжтай... Бидний хувьд орчин үеийн гэхээсээ илүү энэ орны эртний түүх, соёлыг илүү сонирхож байсан болохоор үе үеийн хаадын ордон үгээр хэлшгүй гайхалтай сэтгэгдэл төрүүлсэн. Энэ гайхалтай бүхэн нүдээр харж байгаа шигээ зурган дээр гарахгүй юм хэмээн ярилцаж байлаа. 

 

Аяллын хөтөлбөрт багтсан үзвэрүүд бүгд өөрийн гэсэн онцлогтойн дээр Тайланд орныг өөр өөр өнцгөөс харж, таньж мэдэх боломж олгосон юм. Төрөл бүрийн амьтдын сохирхолтой тоглолтууд, тухайлбал зааны тоглолт, оронгутан сармагчны шоу, дельфиний шоу, Non Nooch цэцэрлэгт хүрээлэн, Safari World халуун орны амьтны хүрээлэн, дэлхийд алдартай Tiffany шоу, номин ногоон өнгөтэй далайн эрэг дээр усанд сэлж, усан онгоцоор аялах гээд аяллын маань сонирхолтой зүйлсийг тоочоод байвал зөндөө...

Бас анааш, зааныг хооллон хамтдаа зургаа заавал татуулсан нь үнэхээр хөгжилтэй байлаа. Бидний хувьд мөрөөдлийнхөө нэг хэсгийг биелүүлж мөрөөдөж байсан заанаа унаж, шүхрээр ниссэн явдал байлаа. Шүхрээр нисч байхад яг л шувуу мэт өөрийгөө төсөөлж ямар гайхалтай байсан гээч... Та ч бас өөрийнхөө эр зоригийг шалгаад шүхрээр нисэхээ мартуузай. Өөрийн орны онцлогийг гаргасан энэ бүхнийг үзэж явахад өөрийн эрхгүй Монголдоо юу хийх талаар нэгийг бодогдуулна.

 

Тайланд хоолны онцлог нь үл ялиг чихэрлэг амттай, шингэц сайтай, тахианы мах, ногоог маш олон төрлөөр амталж бэлтгэдэг. Идэж чадахгүй гэх зүйл байхгүй. Тийм болохоор хоолны тал дээр Тайландад огт санаа зовох зүйлгүй. Дээр нь хоолоо их мөрний эрэгт орших ресторан, хамгийн өндөр Baiyoke цамхагийн 76 давхарт, далайн эрэгт орших хоолны газар, цэцэрлэгт хүрээлэн мэт тохижилттой өвөрмөц хоолны газар гээд өөр өөр орчинд зооглох ямар байхыг төсөөл дөө.
Аялагч хүн гэдэг бол танин мэдэх хүслээр дүүрэн байдаг.
Далай ламын хэлсэн нэг үг байдаг даа. “Идэхийг хүссэн хоолоо ид. Очихыг хүссэн газраа оч. Амьдрал бол аз жаргалтай мөчүүдийн хэлхээс болохоос амьд явах гэсэн тэмцэл биш” гэж...
Тэмдэглэл бичсэн: Ч.Дашдулам

 

Бусад мэдээ